Батга ёстой ядаргаа болж байна уу? Тэгвэл арьс арчилгаандаа BHA гуужуулагч хэрэглээд үзээрэй.
Батга ёстой ядаргаа болж байна уу? Тэгвэл арьс арчилгаандаа BHA гуужуулагч хэрэглээд үзээрэй. BHA бол Beta Hydroxy Acid гэсэн үгний товчлол бөгөөд салицилийн хүчил ч гэж бас нэрлэдэг. “Хүчил гэнээ?!” гэж айх хэрэггүй. Учир нь BHA хэдийгээр химийн хүчил ч гэсэн арьсыг түлэхгүй, шархлуулахгүй, бас идэмхий шинж чанартай биш. Эсрэгээрээ өмнө нь өргөн хэрэглэгддэг байсан том ширхэгтэй гуужуулагч скраб болон үрэгчүүдийг бодвол арьсанд хамаагүй гамтай, зөөлөн нөлөөтэй ба нэмээд бактер, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
BHA хэрхэн үйлчилдэг вэ?
Юуны түрүүнд гуужуулагч гэдэг утгаараа арьсны өнгөн хэсэг дээрх үхэжсэн эд эсүүдийг гуужуулдаг. Ингэснээр доороос нь эрүүл, өнгөлөг, гэрэлтсэн арьс түрж гарч ирнэ гэсэн үг. Түүнчлэн өнгөн хэсгийг гуужуулна гэдэг нь хялгасан үрчлээ тэнийлгэнэ, арьсыг шинэчилнэ, арьсны ерөнхий бүтэц сайжирна гэсэн үг. Энэ утгаараа BHA бүх төрлийн арьсанд тохирно.
ГЭХДЭЭ ... BHA бас тосонд уусамтгай шинж чанартай. Тийм учраас арьсны зөвхөн өнгөн хэсэг төдийгүй илүү гүнзгий буюу арьсны нүх сүв рүү нэвтэрч үйлчилдэг. Нүх сүвийг бөглөж, үрэвсэл, батга үүсгэдэг себум буюу арьсны өөрийнх нь ялгаруулдаг илүүдэл тос, үхэжсэн эд эсийг уусгаж, цэвэрлэж, ариутгаж, халдваргүйжүүлдэг. Ийм учраас BHA-г нүхжилт, батганы эсрэг бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр хэрэглэдэг.
Би BHA хэрэглэх хэрэгтэй юу? Ер нь гуужуулагч хэрэглэх хэрэгтэй юу? Яагаад ширхэгтэй скраб биш гэж?
Та эмзэг мэдрэмтгий, амархан улайдаг, батгатай, батга гарамтгай арьстай, таны арьсны нүх сүв бөглөрөх гээд байдаг бол BHA гуужуулагч илүү тохирно. (Хэвийн арьстай, нөсөө толбо бүдгэрүүлэх, хөгшрөлтийн эсрэг, арьсны зөвхөн өнгөн хэсэг дээрх асуудлаа шийдвэрлэх зорилготой бол АНА гуужуулагч илүү тохирно.)
Хэрэв дээрх асуудлууд таныг тойрч гараад, магадгүй та 25 насны босго даваад, таны арьс өмнөх шигээ гэрэлтсэн, булбарай, зөөлөн, будаг/бүтээгдэхүүн сайн хүлээж авахаас больсон мэт санагдвал өөрт тохирсон гуужуулагчаар 7-10 хоногтоо нэг удаа гуужуулаад явахад гэмгүй байдаг.
Өсвөр насныхны тухайд салицилийн хүчлийг арьсны асуудалтай бол хэрэглэж болно гэж үздэг. Бидний зүгээс 14-өөс дээш настай (гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг эхлээд нимгэн арьсан дээрээ хэрэглэж тестэлж үзсэний дараа; тун, давтамж, анхаарах зүйлсийг сайн хэлж зөвлөсний үндсэн дээр) үйлчлүүлэгчдэд санал болгодог ба шаардлагатай гэж үзвэл эхлээд арьсны эмчийн зөвлөгөө авахыг анхааруулж сануулдаг.
Скрабуудын ширхгийг ихэвчлэн хясаа, жимсний яс, галт уулын чулууг ширхэглэн буталж гаргаж авдаг. Тэдгээр ширхгүүд арьсан дээр үл мэдэгдэм, микро гэмтлүүд үүсгэж, арьсны хамгаалах давхаргыг гэмтээж, өөрийгөө нөхөн сэргээх чадварыг сулруулдаг. Тийм учраас ширхэгтэй скрабуудыг нүүрний арьс арчилгаанд хэрэглэхээс татгалздаг болсон.
BHA хэрэглэх үед юу анхаарах вэ?
- Анх удаа хэрэглэх гэж байгаа бол заавал тестэлж үзнэ. Нимгэн арьстай хэсэг эсвэл ямар нэг шинэ бүтээгдэхүүн хэрэглэх үед хамгийн түрүүнд улайж, загатнах гэх мэт хариу урвал үзүүлдэг хэсэгтээ түрхэж тестлээд, 24-48 цаг харзнаж хүлээнэ.
- Шалгаж үзээд болж байвал 7-10 хоногт нэг удаа, оройдоо хөвөнд шингээгээд зөөлөн арчина. 7-10 хоногийн давтамжтай хэсэг хэрэглээд, арьс сайн хүлээж авч байвал давтамжаа 4-7 хоног болгож ойртуулна.
- Бага тунтай бол орой бүр хэрэглэж болно. Гэхдээ 7 хоногт хамгийн ихдээ 2-4 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Энд та арьс арчилгааны алтан дүрмүүдээ баримтлаад, өөрийнхөө арьсыг сайн мэдрээд яваарай.
- Химийн гуужуулагч хэрэглэж байгаа үед нарнаас заавал хамгаална.
- Бусад идэвхтэй орц найрлагуудтай хамт хэрэглэхдээ болгоомжтой байна. Тэр дундаа ретинол, витамин С-тэй нэг дор хэрэглэж болохгүй.
Арьс арчилгааны 3 алтан дүрэм: 1. Аливаа зүйл хэр хэмжээтэй байх нь өлзийтэй. 2. Дасгаж хэрэглэх, давтамжаа аажим нэмэх, дунд нь арьсаа амраах 3. Таны арьсыг хамгийн сайн мэдэх хүн бол та өөрөө.
|
Хэт эмзэг, мэдрэмтгийн арьстай, BHA арай хүчтэй санагдаад байвал LHA буюу Beta-Lypohydroxy Acid-аар орлуулж болно. LHA бол энгийн үгээр салицилийн хүчлийн нэг төрөл юм (уг нь бол салицилийн хүчлийн дериватив буюу үүсмэл, салицилийн хүчлээс гаргаж авсан гэсэн утгатай).
BHA -ийн pH голдуу 3-4 байдаг бол LHA-ийн pH 5.5 байдаг. 5.5 гэдэг бол эрүүл хэвийн арьсны pH-тай тунд ойролцоо учраас хэт эмзэг, мэдрэмтгий арьсыг ч цочроох магадлал маш бага гэсэн үг.
Энэ хүчил BHA -тэй адил боловч хамаагүй зөөлөн үйлчилгээтэй. Зөөлөн гэдэг нь нэг талаас хэт эмзэг, мэдрэмтгийн арьстай хүмүүсийн хувьд аврал байж болох ч нөгөө талаас үйлчилгээний үр дүн удаан байдаг талтай.